Зүтгүүр, вагоны инженер мэргэжлийн оюутнууд танилцах дадлага хийлээ
mes

Зүүнбаян төмөр зам ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн төмөр замын зүтгүүр, вагоны инженерийн ангийн оюутнууд 2022 оны 09 сарын 30-аас 10 сарын 01 хооронд Улаанбаатар хотоос 620 орчим км зайд орших Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Зүүнбаян - Таван толгой төмөр замын Цогтцэций өртөөнд танилцах дадлага хийлээ.  

Танилцах дадлагын хүрээнд Цогтцэций өртөөний барилга байгууламж, өртөөний зохион байгуулалт, алба хэлтэсүүд болон тэдгээрийн үндсэн үйл ажиллагаатай танилцав. Түүнчлэн удахгүй ашиглалтад орох зүтгүүрийн депогийн барилгын ажлын явцтай танилцан, Тавантолгойн орд газарт төлөвлөгдөн бүтээн байгуулалт хийгдэж эхлээд байгаа үйлдвэрлэл-технологийн парк байгуулах газар дээр очиж танилцлаа. Дадлагын ажлаар оюутнууд танхимд үзсэн онолын мэдлэгээ бататгаж, зүтгүүрийн бүтэц, хийц, засвар үйлчилгээний горимтой биечлэн танилцаж, төмөр замын суурь бүтцийн төлөвлөлт, хийцийн онцлог, суман шилжүүлэг, төмөр замын аюулгүй ажиллагааны талаар мэргэжлийн чиг баримжаагаа баталгаажуулан их зүйлсийг сурч мэдэж авлаа.

Дадлагын ажлыг манай сургуулиас Тээврийн салбарын дэд профессор С.Ариунбаяр, ахлах багш Ж. Азжаргал нар, Зүүнбаян төмөр зам ХХК-ийн инженер С.Анхбаяр, Л.Мөнхнаран нар удирдан явуулсан бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааны цаашдын чиглэл хандлагыг тодорхойлох, харилцан ойлголцлолыг нэмэгдүүлэх зорилгоор Зүүнбаян төмөр зам ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга  Х.Эрдэнэбаяр, тус сургуулийн Сургалт, чанарын албаны дарга М.Дэлгэрнасан нар мөн хамтран ажиллав.

Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Монгол улсад шинээр 6600 гаруй километр төмөр замыг 3 үе шаттай барихаар төлөвлөж, эхний ээлжинд 1100 орчим километр төмөр зам барихаар шийдвэрлэсэн байдаг. Энэ зорилтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам баригдсан ба энэхүү төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд 1 өртөө, 6 зөрлөгтэй, III зэрэглэлийн төмөр зам юм. Уг төмөр зам удахгүй ашиглалтад орох бөгөөд Тавантолгойн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ болон гуравдагч хөрш орон руу экспортлох, Цагаан суварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон 50 гаруй стратегийн орд газруудын түүхий эдийг тээвэрлэх эдийн засгийн ач холбогдолтой юм.

 

Тээврийн салбар