Металл боловсруулалт, инженерчлэлийн холбооны анхдугаар хурал зохион байгууллаа.
mes

2023 оны 03-р сарын 18-ны өдөр Металл боловсруулалт, инженерчлэлийн холбооны анхдугаар хурлыг холбооны удирдах зөвлөлийн гишүүд ШУТИС-ийн МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбар хамтран зохион байгууллаа. Тус хуралд нийт 32 байгууллагын 96 ИТА, ажилтан, судлаачид, багш нар оролцлоо. Өглөөний хуралдаанд дараах илтгэл хэлцүүлэгдэв. Үүнд:

  • Холбооны 3 жилийн хугацаанд хийсэн ажлын танилцуулгыг МБИХ-ны гүйцэтгэх захирал Э.Батбаяр,
  • Салбарын бодлого хөтөлбөрийн танилцуулгыг УУХҮЯ-ны ахлах шинжээч Д.Отгонбаяр,
  • Салбарын хүний нөөцийн талаар ШУТИС-ийн МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч Г.Оюунбат,
  • Салбарын стандарт, бодлогын талаар зөвлөх инженер Д.Оюунчимэг,
  • МБИХ-ны алсын хараа, бусад орны туршлагын талаар ШУТИС-ийн МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын профессор М.Дэлгэрмаа,
  • Төрийн өмчит компани- МБИХ хоорондын хамтын ажиллагааны талаар Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн,
  • Хувийн хэвшлийн компани - МБИХ хоорондын хамтын ажиллагааны талаар ЧПМ багаж ХХК-ийн захирал Чадраабал нар илтгэл тавьж, танилцуулга хийв.

Үдээс хойш өглөөний хэлэлцүүлсэн илтгэлүүд болон холбооны үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой 2 цагийн чөлөөт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээр хамгийн их яригдсан, анхаарал хандуулах зүйл нь салбарын мэргэжлийн ИТА болон мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлд байлаа. Салбарын мэргэжилтэн хэрхэн бэлтгэх, яаж улсын бодлого хөтөлбөрт орсон томоохон төслүүдийн хүний нөөцийг бэлтгэх талаар бүхий л боломжийн талаас ярилцаж, анхаарцгаалаа.
Эндээс бид салбарын мэргэжилтэй боловсон хүчний асуудал хамгийн хурцаар тавигдаж байгаа, хамгийн эрсдэлтэй хэсэг болж байгааг харж болох юм.